Долоо хоног дундаа орж их хотын амьдрал ид буцалсан завгүй нэгэн үдэш урлаг болон дарс сонирхогчдыг нэг дор хуран цуглуулсан онцгой арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уран бүтээлч Түвшинбатын Зулагийн “Чиний оршихуй дэндүү...” нэртэй анхны бие даасан үзэсгэлэн, L’Emissaire by Larteau дарсны Монгол дахь албан ёсны нээлттэй олон улсын Лхам арт галерейд огтлолцож, улирал солигдсонтой холбоотойгоор сэтгэлд төрөөд байсан хөнгөн гунигийг ор мөргүй үргээж орхисон юм.
Улаанбаатар хотын зүрхэнд сүндэрлэсэн Central Park барилгад байрлах Монголын анхны олон улсын контемпорари урлагийн Лхам галерейн үүдээр нэвтэрмэгц эелдгээр инээмсэглэсэн залуус L’Emissaire дарс хундагалан зочдыг угтан авч шинээр гарч буй бүтээгдэхүүнийхээ гайхамшигт амтыг анхлан танилцуулж байлаа. Усан үзэм, бөөрөлзгөнө болон үл ялиг модорхог амт амтагдсан дарсаа шимэнгээ үндсэн танхимд нэвтрэхэд гэнэтхэн л эмэгтэй хүнийхээ хувьд эрх чөлөөг олж, дур зоргоороо баймаар санагдаж, зогссон газраа зог тусав. Уран бүтээлч Зулагийн эмэгтэй хүний бие махбод хийгээд дур хүслийг тафтинг техник ашиглан гар хийцийн хивсээр дүрсэлсэн эротик өнгө аястай бүтээлүүдийг үзэхэд яг л ийм мэдрэмж төрж сэтгэхүй тэлэгдэх шиг болсон бөгөөд дийлэнх зочдод ч ялгаагүй ижил сэтгэгдэл төрсөн биз ээ. Вена хотын Дүрслэх Урлагийн Академид контекст зургийн чиглэлээр суралцдаг тэрээр өмнө нь Хербстштрассе загварын сургуулийг хувцас загварын мэргэжлээр дүүргэсэн нь бүтээлүүдийнх нь материал, өнгө аясаас мэдрэгдэж, “загварын суурьтай” хүн болохыг нь илтгэж өгсөн юм. Цаашлаад бүтээл бүрийн өмнө зогсон анхааралтай ажиглавал хэлбэр дүрс, утга санаа, өнгө будгийн хувьд олон янзаар солонгорч, мэлмий болоод оюун санааг баясгаж байв.
Хэрвээ оюуны таашаалыг өдөөн хатгасан өнгө аястай уран бүтээлүүд эдлүүлж байсан бол амтлах мэдрэхүйн таашаалыг шинэхэн дарс жимсний час хийсэн амтаараа мэдрүүлж байлаа. Зочид дарс шимэн, орчин үеийн урлагийн талаар сонирхолтой яриа өрнүүлж байх үед тайзан дээр контемпорари бүжиг толилуулж, араас нь авьяаслаг дуучин Ж.Ариунжаргал жазз дуугаараа арга хэмжээний уур амьсгалыг эрч хүчээр цэнэглэн дэлгэгдсэн бүтээлүүдийг төдийгүй хүмүүсийн халуун дулаан харилцааг улам бүр амилуулсан билээ.
Энэ үдшийн бас нэгэн урлагийн бүтээл болсон L’Emissaire by Larteau брэнд нь энгийн нэг импортын дарс биш. Харин Франц-Монгол гэр бүлийн нөр их хөдөлмөрөөр бүтэж Монголын зах зээлд тусгайлан нэвтрүүлж буй онцгой брэнд юм. Б.Марал, Пьер-Ив Ригау нар нь Францад усан үзмийн тариалан бүхий нийт дөрвөн эдлэн газартай ба тэдгээрийн ургацаар үйлдвэрлэсэн өндөр чанартай дарсыг худалдаанд гаргаж байгаа аж. L’Emissaire by Larteau гэх нэрийг орчуулбал "Лартогийн Элч" гэсэн утгатай бөгөөд хоёр орны олон зуун жилийн найрсаг харилцаанд хүндэтгэл үзүүлж, дээр дурдсанчлан Монголд тусгайлан зориулж бүтээснээрээ онцлогтой. “Олон зуун дамжсан баялаг түүхтэй, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ Монголд авчирлаа” хэмээн Пьер-Ив Ригау хэлсэн бол түүний гэргий Б.Марал “Түүх, өв соёл мөн хамгийн чухал зүйл болох өндөр чанар болоод стандартаар бүтсэн бүтээгдэхүүнээ та бүхэнд танилцуулж байна” гэж тайзан дээр гаран онцолсныг сонсоход үнэхээр ч тэд алс холын Францаас шилдэг бүхнээ бидэнд хүргэхээр элч болж байгаа мэт санагдана.
Арга хэмжээний үеэр 2015 оны ургацаар хийсэн, Мерло (98%), Каберне Совиньон (2%) сортын усан үзмээс гарган авсан хуурай төрлийн улаан дарсыг зочдод танилцуулсан бөгөөд тамшаах тусам амт нь тодорч, жимсний баялаг нотуудаар сэтгэл сэргээж өгсөн юм. Уянгалаг хөгжмийн аялгуу яруу сайхан үгстэй төгс зохицдогийн адилаар урлагийн бүтээл дарстай ийнхүү гайхалтай хосолдгийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид мэдэрч, контемпорари урлаг болоод дарсны соёлыг нэгтгэсэн сонирхолтой нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.