Орчин цагт дарс тэргүүтэй согтууруулах ундааг бид “согтох” гэж биш дотнын нэгэнтэйгээ халуун дулаан яриа өрнүүлэх, зочноо дайлах, идсэн хоолоо шингээх, эрүүл мэнддээ анхаарах гээд олон төрлөөр хэрэглэдэг болсон нь олзуурхууштай. Ойрын жилүүдэд “Эмэгтэйчүүдийн л уудаг зүйл” хэмээх ташаа ойлголтоос гарч, олны хэрэглээнд эрчимтэй нэвтэрч буй дарс хэмээх ундааг үйлдвэрлэдэг L'Emissaire компанийн хамт олныг бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Францын Бордо мужид өөрсдийн эдлэн газартаа ургуулсан усан үзмээр хийсэн дарсаа Монгол руу нийлүүлж буй Монгол-Франц гэр бүлийн ажлын арга барил, одоо ба ирээдүйтэй танилцъя.
Монгол Улс нөөц баялаг ихтэй ч дийлэнх иргэдийн хувьд эрүүл хүнсээр дутагдаж, хүнсний аюулгүй байдлын асуудалтай нүүр тулгарч байгаа мэт санагддаг. Үүнийг би өөр орнуудад ажиллаж, амьдарч явахдаа ойлгож мэдэрсэн. Эдгээр асуудлын шийдэл бол мэдээж газар тариалан буюу хэрэглэж буй хүнсээ өөрсдөө тарьж ургуулах.
Газар тариалан гэдэг хялбар салбар биш ч аргыг нь олж чадвал боломж үргэлж бий. Манай гэр бүл Францын хөдөө аж ахуйн арга барилыг эзэмших, дарсны соёлыг эх орондоо түгээх, цаашлаад эх орондоо газар тариаланг хөгжүүлж, дэлгүүрийн тавиур дээрх эрүүл хүнсний сонголтыг бага ч гэсэн нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд Францын Бордо мужид 70 га усан үзмийн талбай бүхий дөрвөн эдлэн газрыг худалдаж авсан. Тэдний нэг болох Лартугийн шилтгээн гэхэд л тэртээ 1766 оноос үүдэлтэй. Манай гэр бүл олон зуун жил үргэлжилсэн энэхүү өв соёлыг залгуулж авч яваа хэрэг.
Өмнө нь дарс ууж байсан болохоос өөрсдөө хийж үзсэн туршлага үгүй тул суралцах зүйл тун их байсан шүү. Тэр бүгдэд суралцсаар өнгөрсөн намраас албан ёсоор монголчууддаа өөрсдийн эдэлбэр газрын усан үзмийн дарсаа хүргэж эхлээд байна.
ЯЛГАРАЛ
Нэгт, төсөр үнэ. Үйлдвэрээс шууд хэрэглэгчийн гарт ирж буй учир middleman буюу дундын зуучлагчгүй. Францад дарс өдөр тутмын хэрэглээ байдаг ч Монголд тансаг хэрэглээндээ ордог нь энэхүү дундын зуучлагч нарын үйлчилгээний хөлстэй холбоотой.
Хоёрт, үйлдвэр-хэрэглэгч. Бид бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэд өөрсдөө хүргэдэг тул тэдэнтэй шууд харилцах, санал хүсэлтийг нь сонсох, цаашдын үйл ажиллагаандаа анхаарах боломж бүрддэг. Үүнээс гадна борлуулж буй бүтээгдэхүүн бүрээ өөрсдийн гараар бүтээсэн тул дарсныхаа утга учир, үнэ цэнийг хэрэглэгчдэдээ илүү сайн түгээж чаддаг.
Гуравт, алсын хараа. Зөвхөн ашиг олох зорилгоор дарс борлуулна гэдэг нэг хэрэг. Харин бид усан үзмээ тарьж, дарсны үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй Монголдоо хөдөө аж ахуйн хөгжил дэвшил, арга барилыг нутагшуулах зорилготой.
L'EMISSAIRE ГЭЖ ЮУ ВЭ?
L'Emissaire бол бидний монголчууддаа зориулан бүтээсэн дарс. Брэнд танигдалтаа бодон компаниа ч энэхүү нэрээрээ нэрлэсэн. Угтаа L'Emissaire (Лэмиссэр) гэдэг нь францаар "Элч" хэмээх утгатай.
Монгол болон Франц улсын найрамдалт харилцаа XIII зуунаас эхлэлтэй. 1253-1255 онд Францаас Гийом де Рубрук хэмээх санваартан тухайн үеийн нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Мөнгөн модны дөрвөн амнаас дарс, хар айраг, будааны архи, зөгийн балын сархад урсаж буйг бичиж тэмдэглэсэн байдаг. Энэхүү үйл явдал хоёр улсын харилцаанд тодоор бичигддэг бөгөөд манай компани өөрсдийгөө орчин үед дарсны соёлыг Монголдоо түгээж буй элч хэмээн үзэж ийнхүү нэрлэсэн билээ.
Манай дөрвөн эдлэн газраас нийт зургаан төрлийн дарс гардаг. Одоогоор Монголд L'Emissaire, Château Sénilhac гэсэн хоёр төрлийн дарсаа борлуулж байна. Удахгүй бүх дарсууд маань худалдаалагдаж эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар Domaine de L'Emissaire-ийн дөрвөн эдлэн газрын дарснууд Их Британи, Норвеги, Дани, Недерланд, Герман, Белги, Чех, Малта, Сингапур, Монгол гэх орнуудад импортлогдож байна. Цаашлаад Орос, Казахстан улсад импорт хийхээр зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн танилцуулах ажлуудаа хийж буй.
L'Emissaire-ийн Франц дахь баг 14, Монгол дахь баг таван хүнтэй. Францын багийн хувьд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Европын холбооны улсуудад худалдаа явуулах үүрэгтэй бол Улаанбаатар хотод орших L'Emissaire-ийн Төв оффис нь брэнд хөгжүүлэлт болон Ази бүсийн худалдааг хариуцдаг.
Энэ ташрамд, дарсанд чин сэтгэлээсээ хайртай, энэ соёлыг түгээх хүсэлтэй залуус байвал бидэнтэй холбогдохыг хүсье. Мөн Монголд газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлдэг хувь хүн, албан байгууллагуудтай туршлага солилцох, хамтарч ажиллахад бид үргэлж нээлттэй байх болно шүү.