Христийн номлогч, аялагч Гийом де Рубрук 1253 оны 5-р сарын 7-нд тухайн үеийн Францын 9-р Луй хааны зараалаар, Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг зорьсон их аяллаа эхэлжээ.
Энэ он бол эзэнт гүрний хил хязгаар баруунтай Хар тэнгист тулж, монгол ахуй соёлыг Крымын хойгоос ч харж болохоор цаг үе байсан билээ. Түүнчлэн монголын эзэнт гүрний тэлэлт ид дундаа үргэлжилж, их хаан Мөнхийн зарлигаар Арабын ертөнцийг төвхнүүлэхээр түүний дүү Хүлэгүгийн удирдсан их цэрэг ойрх дорнодыг чиглэн хөдөлсөн үе байлаа.
Тэрбээр Италийн Плано Карпинигийн 1245 оны орчимд гаргасан маршрутаар аялахаар шийдсэн бөгөөд Крымын Судак хотоос үхэр тэргээр ес хоног явж Дон мөрнийг гатлаад, Бат хааны хүү Сартагтай уулзаж, Сартаг түүнийг Ижил мөрний хөвөөнд байрлах Батын өргөө рүү илгээжээ. Судакаас гарснаас хойш таван долоо хоногийн дараа л Бат хаанд бараалхсан бөгөөд Бат түүнийг Францын хааны элч хэмээн үзэж их хаан Мөнх рүү илгээв. 1253 оны 9-р сарын 16-нд түүний багийнхан, Бат хааны томилсон элч нарын хамт 9,000 км-ийн цаана орших Хархорум хотыг зорьж, урт удаан боловч аюулгүй үргэлжилсэн аяллын эцэст нийслэл Хархорумд тухайн оныхоо 12-р сарын сүүлээр ирсэн бөгөөд 1254 оны 1-р сарын 4-нд Их хаанд бараалхан, бэлэг сэлтээ барьжээ.
Гийом де Рубрук нутагтаа эргэж ирэх хүртлээ нийт аяллын туршид ажигласан зүйлсээ тэмдэгдлэж үлдээсэн нь Монголын эзэнт гүрэнтэй холбоотой үнэлж баршгүй чухал баримтад тооцогдсоор байна.
Өвөл тэд тутарга, шар будаа, арвай, зөгийн бал тэргүүтнээр дарс мэт тунгалаг сайхан идээ ундаа хийдэг. Дарсыг бол алс холын орнуудаас авчирдаг. Зундаа бол зөвхөн айраг уудаг. Айргийг заавал гэрийн өмнө зайд байрлуулдаг бөгөөд дэргэд нь хөгжимчин сууж байдаг. Манайд байдаг ситара, хийл хөгжмийг энд хараагүй боловч манайд байдаггүй хөгжмийн зэмсэг олон төрөл бий. Зундаа айрагтай үедээ хоол хүнсэнд төдийлөн анхаардаггүй. Тэд ердийн айрагнаас гадна хар айраг үйлдвэрлэдэг. Гүүний сүүг өтгөнийг нь ёроолдоо тунах хүртэл бүлж, дээр нь тунгалаг шингэн тунасан үед авч уудаг ундаа юм.
Хааны өргөөнд сүү болон бусад умдааныг зөөж оруулах нь төвөгтэй тул Парисын уугуул Гийом дархан хаанд зориулж, том мөнгөн мод бүтээжээ. Түүний ёроолд тус бүрээс нь гүүний сүү олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан урлажээ. Мөнгөн модны дотуур дөрвөн хоолой оруулж, оройд нь хүргээд тэндээс амыг нь гадагш гаргаж уруу харуулахдаа могойн амаар төсөөлүүлэн сүүл нь модны их биеийг ороосон маягаар үйлджээ.
Нэг цоргоор нь дарс, нөгөөхөөр нь хар айраг буюу гүүний цэгээхэн сүү, гурав дахиар нь зөгийн балын ундаа, дөрөв дэхээр нь террасин гэдэг тутаргын исгүүн умдаан урсан гоождог ажээ. Модны хөлд амтат идээ бүрийн дор мөнгөн гадар тосгуулан тавьжээ. Мөнгөн модны оройд мөнөөх дархан бишгүүр барьсан Чагаа тэнгэрийг урласан байна.
Монголын эзэнт гүрэн бол Өрнө-Дорныг холбосон, тухайн үедээ цэрэг, соёл, худалдаа, дэд бүтэц зэрэг бүх үзүүлэлтээр дэлхийн их гүрэн байсан бөгөөд монголчуудын уугуул нүүдлийн соёл хүртэл хэрхэн өндөр төвшинд хөгжсөн байсныг энэхүү нийтлэлээс харж ойлгож болно.